Зарах объект
Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 20 жил, Номадс, Номадс 20 жил, 20 жилийн ой, Модерн номадс, Дабл шот, Салм паб, Крокус, Бистро номадс2 Модерн номадс 2 ресторан3 Bd's mongolian barbeque4 Салм паб дахин нээгдлээ5 20 жил бидэнтэй хамт байсан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа :-)6 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна7
Д.Бүжинлхам: “Номадс”-ынхан бид “Double Shot” гэсэн үндэсний нэг шинэ брэнд концепцийг бүтээсэн
Хөнгөн, гэгээлэг мэдрэмж төрүүлэх “Double Shot”-ийн ягаан, номин ногоон өнгийг нийслэлчүүд маань андахгүй. Хажуугаар нь өнгөрөх болгонд хамар цоргим тансаг кофены үнэр их хотын завгүй хүмүүсийг өөрийн эрхгүй татдаг. “Номадс”-ын сүлжээ ресторан анх байгуулагдсанаас хойш 15 жил өнгөрчээ. Үргэлж шинийг эрэлхийлэгч, бүтээгч энэ хамт олны бий болгосон үндэсний нэгэн брэнд бол “Double Shot” кофе шоп, коктейль лоунж юм. Тиймээс энэ төслийг санаачлагчдын нэг, Номадсын сүлжээ рестораны Бизнес хөгжлийн албаны дарга Д.Бүжинлхамаас энэхүү брэндийн талаар асууж сонирхох зүйлс олон байлаа.

“Нэг сая гаруй хүн амтай метрополитан хот гэгддэг ч Улаанбаатарт өглөөний амьдрал байдаггүй” гэх шүүмжлэл бий. Үнэхээр ч хүмүүс өглөө фитнесст яваад ажил руугаа явах замдаа аяга кофе уух газар ховор. Харин та бүхэн энэ эрэлт, хэрэгцээг маш сайн олж харж, үйлчилгээндээ нэвтрүүлжээ. Хоёулаа Double Shot-ыг анх байгуулсан түүхээс ярилцлагаа эхэлье?
Зөвхөн Монгол гэлтгүй өглөө бүрийг амттай халуун кофегоор эхлүүлдэг соёл олон орны хүмүүст бий. Тийм учраас бид 2011 оны үед “Монголчууддаа сайн чанарын кофены амт, соёлыг мэдрүүлье. Ингэхдээ гадаадын кофе шопуудыг франчайзингаар оруулж ирэх үү. Эх орныхоо нэрийн хуудас болсон кофе шопыг нээх үү” гэдэг санаачилгыг анх дэвшүүлж, багагүй судалгаа хийсэн. Гэвч гадаадаас франчайзинг хийхэд өртөг өндөртэй байсан учраас “Ер нь яагаад бид дотооддоо өөрсдийн гэсэн онцлогтой кофе шоп байгуулж болдоггүй юм бэ. Бидэнд Монголын гэх онцлогтой “Номадс”-ын сүлжээ ресторануудыг байгуулж, амжилттай ажилласан бүхэл бүтэн 10 жилийн туршлага байна. Тийм учраас хуримтлуулсан туршлага, мэргэжлийн боловсон хүчнийхээ чадварт тулгуурлаж кофе, коктейльний соёлыг түгээхийн сацуу Монгол брэндээ бүтээцгээе” гэж шийдсэн юм. Энэ бол манай хамт олны хувьд, үндэсний брэнд бүтээх эх оронч амбиц байлаа. Эхлээд бид ОХУ-ын Эрхүү хот дахь жинхэнэ сайн чанарын арабика үрлийн кофе хуурч, нийлүүлдэг компанитай хамтран кофе шопоо нээхээр шийдэж, тэнд судалгаа хийх явцад “Love Story” гээд маш гоё лоунжид үйлчлүүлж таарсан. Шийдэл нь их дэгжин тансаг коктейль хаус байсан л даа. Ер нь Оросын том хотуудад архи, пиво уухаас илүү төрөл бүрийн коктейль уух соёл нэлээд дэлгэрсэн. Энэ дүр төрхийг хараад “Монголдоо дан кофе шоп, коктейль лоунж хоёрыг хослуулъя” гэдэг санааг анх Эрхүүд ажил хэргийн шугамаар явж байхдаа манай багийнхан бодож олсон юм. Төслийнхөө судалгааг хамтарч ажилладаг Орос компанийнхаа бариста, бартендер залуустай цуг Монголд хийж, кофе шоп, коктейль хаустаа ямар нэр өгөх вэ гэдэг талаар маш удаан ярилцсан.

Гол концепцио юу гэж тодорхойлсон бэ?
Кофены үндсэн суурь эспрессо шот кофе. Тиймээс сайн чанарын чанасан эспрессо шот кофен дээр бүх кофегоо хийдэг. Харин коктейлио дээд зэргийн чанартай шот архин дээр л хийнэ. Тэгэхээр шот бол манай үндсэн бүтээгдэхүүнүүдийн суурь нь. Их хотынхонд танил болсон “Double Shot” хэмээх нэр ийм учиртай.

Дэлхийд алдартай брэндүүдийн франчайзинг хийгээд оруулж ирсэн бол та нарт илүү амар ч байсан байж магадгүй. Таны яриаг сонсоод байхад танай багийнхан эсрэгээрээ, огт өөр уран сэтгэмжийн “аялал”-д гарчихсан юм байна шүү дээ. Кофе шоп, коктейль хаус хосолсон “Double Shot” төслийн санаачлагч хэн бэ?
Санааг нь анх би гаргаж Номадсын сүлжээ рестораны үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал М.Есөнмөнхтэй зөвлөлдсөн. Тэрбээр миний саналыг маш соргогоор хүлээн авч “Яг үнэн. Зөвхөн кофе шоп байхаар хүмүүсийн сонирхлыг төдий л татахгүй. Тэгэхээр яаж ажиллуулах тухай концепцио сайн боловсруулаарай” гэж хэлсэн юм. Миний хувьд, СЭЗДС-д бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж байхдаа дипломоо хамгаалахын тулд Монголд франчайзинг кофе шоп нээж ажиллуулах талаар судалгаа хийж байлаа. “Double Shot”-ын концепцийг боловсруулахад оюутан ахуй үедээ хийсэн тэрхүү судалгаа маань надад маш их хэрэг болсон. Тэгээд “Ийм логотой байя, интерьерийг нь тэгж хийе. Менюндээ сайн чанарын кофе, коктейль, янз бүрийн амттан, цай, ажил хэрэгч хүмүүст зориулсан өглөөний цай, хөнгөн чанарын хоолнууд зэрэг үйлчлүүлэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцэхүйц бүтээгдэхүүнүүдтэй байвал зүгээр юм байна” гэсэн өргөн агуулга бүхий концепци боловсруулж Ерөнхий захиралдаа танилцуулснаар их хотынхондоо зориулж энэхүү үйлчилгээгээ нэвтрүүлсэн.

Ажил хэрэгч хүмүүс өдрийнхөө ажлыг төлөвлөж, хамт олноороо хуралдсаныхаа дараа “Кофе ууж, хөнгөн зоог зооглоё” гэхэд ихэнх ресторан хаалттай, эсвэл хоол, зуушгүй угтдаг. Харин “Double Shot” өглөө бүр үйлчлүүлэгчдээ кофены тансаг үнэр, төрөл бүрийн шинэхэн зууш, хоол, амттанаар угтдаг?
Өглөө бүрийг бид байнгын үйлчлүүлэгчидтэйгээ хамт угтдаг. Тэдэнд өдрийг сайхан өнгөрүүлэх эрч хүч бэлэглэж, амттай кофе, өглөөний цай, хөнгөн зууш, хоол, амттан, төрөл бүрийн тансаг цайгаар үйлчилдэгтээ манай хамт олон баяртай байдаг юм. Ажил, сургууль руугаа яарсан хүмүүст хурдан шуурхай үйлчлэх нь бидний гол зорилго. “Double Shot”-ын өөр нэгэн онцлог нь өдөржин ачаалалтай ажилласан хүмүүст зориулж үдэш нь цагийг зугаатай өнгөрөөх коктейль лоунж үйлчилгээг үзүүлдэг. Дэлхий дахинд өдгөө кофеноос гадна коктейль соёл ихээхэн дэлгэрч байна шүү дээ.

Хүмүүс ресторан, кофе шопоор үйлчлүүлэхдээ менюн дээрээс аль нэг кофег нь сонгож захиалдаг. Энэ нь байдаг л нэг түгээмэл сонголт. Тэгвэл танай нэрийн хуудас болсон “Double Shot” кофе нь амт, хэлбэрийн хувьд тэсрэлт хийжээ. Үелсэн хэлбэртэй, нэг нь чихэрлэг нялуун, нөгөө нь гашуун... Танайхаас өөр хаана ч байхгүй, тэс ондоо амтыг нэг дор мэдрүүлдэг ийм ер бусын жорыг хэн бодож олсон бэ?
“Гол концепцидоо тохирсон, эспрессо шот кофенд тулгуурласан маш гоё өвөрмөц, хос амтыг үйлчлүүлэгчдэдээ мэдрүүлмээр байна” гэдгээ орос бариста, бартендер нартаа хэлсэн. Ингээд хамтдаа янз бүрээр туршиж үзсэн л дээ. Сайн чанарын чанасан эспрессо шот кофе бол зөөлөн, кремлэг, бага зэргийн гашуун амттай байдаг. Харин тэрхүү гашуун амтыг чихэрлэг амтаар дарахын тулд халуун шоколадтай кофены жорыг зохиосон юм. Коктейлийн хувьд ч ялгаагүй “Double Shot” гэдэг нэртэй, шингэн ба өтгөн, хар ба цагаан, хатуулаг ба зөөлхөн, хүйтэн ба халуун амт бүхий эсрэг тэсрэг амтыг мэдрүүлэхүйц амтны төгс хослол бүхий 2 хос шот бүтээгдэхүүн бий.

Таны яриаг сонсоход, танай багийнхан мэдрэмж, хурд, авхаалж самбаа сорьсон спортын тамирчид шиг төсөөлөгдөж байна. Орос мэргэжилтнүүдтэй хамтарч жор зохиолоо, бүтээгдэхүүнээ яг тэр жорын дагуу хийлээ... Шинэ технологи, ноу хау болгоныг монгол бариста, бартендерүүд хурдан сурдаг уу?
“Номадсынхан” бол залуусын баг. Тиймээс “Өөрсдөө шинийг санаачилж, дэлхийн чиг хандлагаас суралцаж, үндэсний онцлогтой бүтээгдэхүүн яагаад нэвтрүүлж болохгүй гэж. Суръя, хөгжье, бүтээе” гэсэн чин эрмэлзэл, хүсэл тэмүүлэлтэй хамт олон юм. Ийм өөдрөг хүмүүстэй хамт ажиллаад би 14 жил болж байна. Энэ хугацаанд хамт олноосоо маш олон зүйлийг сурлаа. “Double Shot”-ын маань анхны салбар дээр ажиллаж байсан төслийн багийнхан болох менежер, тогооч, бариста, бартендерүүд “Би кофег маш гоё чанадаг бариста болъё. Би коктейлийг үнэхээр мундаг найруулдаг бартендер байж чадна” гэсэн хүсэл сонирхол, зорилго дээр нэгдэж өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байгаа нь сайхан санагддаг. Тогооч, зөөгч нарын хувьд ч мөн адил. Бид тогооч нараа анх ОХУ-ын Эрхүү хотод сургалтад хамруулж байсан.

“Номадс”-ын сүлжээ ресторан байгуулагдсаны 15 жилийн ой энэ онд тохиож байна. Сүлжээ ресторан дотроо “Double Shot” кофе шоп, коктейль лоунж үйлчилгээ нэвтрүүлсэн нь танай салбар. Дэлхийд яг танайх шиг ийм хосолсон үйлчилгээ үзүүлдэг газар хэр олон бэ?
Судалж үзэхэд, яг ийм хосолсон хэлбэртэй нь байхгүй байсан. Дан кофе шопууд бол байна. Коктейль лоунжууд нь тус тусдаа, өөр өөр газарт байрладаг юм билээ. Миний хувьд, “Double Shot”-той ойролцоо концепцитой газруудаар орж үзээгүй.

Хэдийгээр Монголд кофены ургамал тариалдаггүй ч та бүхэн дотоод, гадаадын үйлчлүүлэгчдэдээ “Монголын” гэх онцлогтой кофены соёлыг хэрхэн мэдрүүлж байна вэ?
Манай улсад аялал жуулчлал, уул уурхай зэрэг томоохон салбарууд хөгжихийн хэрээр гадаадын бизнесмэнүүд, жуулчид олноор ирж байна. Ихэнх нь кофены соёл өндөр хөгжсөн орнуудаас ирж байгаа. Монголын хэрэглэгчдийн хувьд 2000 оны дунд үеэр найруулдаг кофе голдуу хэрэглэдэг байсан бол томоохон ресторанууд 2006 оны үеэс сайн чанарын чанадаг кофег өргөнөөр нэвтрүүлж эхэлсэн. Харин одоо гадаадын маш олон кофе шопуудын салбаруудыг франчайзингаар нээн ажиллуулж байна. Энэ хэрээр өрсөлдөөн ихтэй болсон. Кофе шопуудаар үйлчлүүлэгсэд ч олон боллоо. Гэхдээ “Ямар кофег жинхэнэ сайн чанарынх гэх вэ. Кофе ер нь сайн уу, муу юу” гэдгийг хэрэглэгчид төдий л сайн мэддэггүй. Сайн кофег таних, түүнийг хадгалах, чанах, олгож үйлчлэх соёл нь нарийн мэдрэмж шаардддаг. Тийм учраас бид үйлчлүүлэгчдэдээ энэ соёлыг мэдрүүлэхээр дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр чанартай 100 хувийн арабика үрлэн кофегоор үйлчилдэг. Амттай, сайн чанарын кофе чанахад кофены үрэл маш чухал. Зөвхөн “Double shot” гэлтгүй “Номадс”-ын сүлжээ ресторанууд дунд зэргийн хуурсан 100% арабика үрлэн кофегоор үйлчилдэг. Дунд зэргийн хууралттай кофе нь кремлэг, гашуун биш байдаг. Арабика үрлийн онцлог нь кофейн маш бага агуулсан, анхилам хурц үнэр, хүчиллэг, их гоё амттай. Сайн чанарын кофе чанахад бариста маань чадварлаг байх ёстой. Тийм болохоор бид кофе чанадаг баристануудаа өдөр бүр сургаж, дадлагажуулдаг. Тэд маань ч гэсэн үйлчлүүлэгчдээ сайхан амттай кофегоор дайлахыг хичээдэг юм. Үүний зэрэгцээ кофены машинаа зөв ажиллуулах учиртай. Дээр нь ус бол онцгой анхаарах зүйл. Жинхэнэ сайн чанарын амттай кофег мэргэжлийн өндөр түвшинд чанаж, бэлтгэж үйлчлүүлэгчдэдээ хүргэж байгаа маань Монголд кофены соёлыг хөгжүүлэхэд манай хамт олны зүгээс оруулж буй томоохон хувь нэмэр гэж боддог. Бид зөвхөн эх орондоо биш дэлхий дахинд “Double Shot” кофе шоп, коктейль лоунжоо нээн ажиллуулахыг хүсдэг. Гадаадын кофе шопууд АНУ, ОХУ гээд олон оронд байна. Монголын үндэсний брэнд болох “Double Shot”Coffee shop & Cocktail Lounge-ын салбаруудыг Нью-Йорк, Токио, Бээжин, Москвад нээж яагаад болохгүй гэж боддог доо. Энэ бол брэнд менежерүүдийн маань хэтийн зорилгын нэг байгаа.

“Кофе чанахад дөрвөн зүйл чухал. Тэдгээрийн нэг нь ус” гэлээ. Крантны биш, цэвэршүүлсэн усыг хэлж байна уу?
Цэвэршүүлсэн зөөлөн ус байх ёстой. Бид кофены машиндаа усаа цэвэршүүлж, зөөлрүүлдэг шүүлтүүр байрлуулдаг. Зааврынх нь дагуу шүүлтүүрээ дор дор нь сольдог. Хэрэв ус сайн цэвэршээгүй, хатуулаг хэвээрээ кофены машин руу орвол хэчнээн сайн чанарын үрлэн кофегоор чанасан ч амт нь шал өөр болчихдог юм.

Хэдэн төрлийн кофегоор үйлчилдэг вэ?
Сонгодог эспрессо дээр суурилсан арваад төрлийн кофегоор үйлчилдэг. Дээр нь коктейль кофе маягийн чихэрлэг ванила, шоколад, карамель бүхий нэмэлт сироптой 8-10 төрлийн кофе, мөн хүйтэн кофенуудтай.

Дэлхий дахинд моданд ороод буй коктейль уух соёлыг та бүхэн Монголдоо дэлгэрүүлж байна. Коктейль гэхээр амт, хэлбэр, өнгө дүрслэлийн хувьд түмэн янз бий. Хүмүүс гэртээ, ресторан, бар, пабад дуртай коктейлио найруулж, тэр болгонд мөрөөдлөө шингээдэг гэх юм уу даа. “Double Shot”-ынхон коктейль лоунжаараа дамжуулан ямар мөрөөдлөө бүтээж байна вэ?
Коктейль хийнэ гэдэг урлаг. Хүмүүс ууж буй зүйлээсээ таашаал авдаг учраас бартендерүүд маань урлагийн бүтээл туурвихтай адил сэтгэл зүрх, оюун ухаан, мэдрэмж, сэтгэлээ зориулдаг. Түүнээс биш найрлагад нь ордог хэдэн зүйлийг зүгээр л хольж хутгахдаа гол биш. Тухайн хүн исгэлэн, чихэрлэг амтанд дурлавал яг хүссэн коктейлийг нь урлаж өгөх ёстой. Хүн аливаа зүйлийг нүдээр харж анх удаа таашаалыг мэдэрдэг учраас манай бартендерүүд коктэйлийн чимэглэл дээрээ ихээхэн анхаарч, өөрсдийгөө хөгжүүлдэг. Бидний зүгээс дэлхийн сонгодог коктейлиудаар хүмүүст үйлчилж байна. Тухайлбал, B52 зэрэг шот коктейль, Manhattan, Negroni, Whiskey Sour гэх мөстэй, тэр дундаа том том шоо хэлбэрийн мөстэй коктейль, Long Island зэрэг маш олон орцтой коктейлиуд, Мартини, Маргарита төрлийнх гэх мэтчилэн олон төрлийн коктейлийн амтыг “Double Shot”-оос мэдэрч болно.

Коктейльд дурлагсад их мөрөөдөмтгий, зөгнөх дуртай, уран сэтгэмжтэй хүмүүс юм шиг харагддаг. Нар жаргахыг харах, диваажинд очсон мэт таашаалыг мэдрэх, ертөнцөөс тасарсан “тасархай” амтыг хайсны эцэст тэд хүссэн амт, дүрслэлээ коктейлиос олж амталж, хардаг мэт. Танд тэгж санагддаг уу?
Тийм мэдрэмж, төсөөллийг хүртэх боломжтой шүү. (инээв) Бүсгүйчүүд маань халуун оронд далайн эрэг дээр зугаалж байгаа мэт мэдрэмжийг манай Tequiala Sunrise болон Sex on the Beach гэх коктейлиос мэдэрдэг. Наран мандаж буй мэт алтан шаргал өнгөтэй коктейлиос гадна гүзээлзгэнэтэй Мохито байна. Blue Sky Martini коктэйл маань Монголын мөнх хөх тэнгэрийг санагдуулам. Хөдөө нутгийн сайхныг мэдрүүлэх ногоон өнгийн Киви Мартинигаар бид үйлчилж байгаа. Ногоон өнгө гэдэг нь тал нутгийг дүрсэлсэн хэрэг. Бартендерүүд маань улаан, хөх өнгө бүхий “Mongolian Flag” буюу “Монголын туг” хэмээх коктейлийг гаргаж байсан удаатай

“Double Shot” нэрийн кофе үнэхээр онцгой амттай юм. Кофе, коктейль хоёулаа л шингэн зүйл атал өөр өөр өнгө, амтыг хооронд нь уусгахгүйгээр яаж үелж байна вэ. Энэ технологиосоо сонирхуулж болох уу?
Коктейль найруулахад үелэх тусгай арга бий. Орцноосоо хамаараад тухайн хоёр шингэний нэг нь арай хүнд байдаг. Тийм учраас хүндийг нь хамгийн доор, хөнгөнийг нь дээр нь хийдэг онцлогтой. Нэг ёсондоо, хүнд хэсэг нь дээрх шингэнээ амархан нэвтрүүлдэггүй.

Танай салбар Улаанбаатар хотын төвд, төрийн байгууллагууд, их, дээд сургуулиуд гээд олны хөлийн газарт байрладгаараа онцлогтой. Ямар насныхан голдуу үйлчлүүлдэг вэ?
Аливаа үйлчилгээнд байршил хамгийн чухал. Бид “Хэрэглэгчид ямар үйлчилгээг илүү хүсч байна вэ” гэдэг судалгаа анх хийж байхдаа зорилтот зах зээлээ насны хувьд 20-35, 35-50 нас гэдэг байдлаар тодорхойлж байсан. 20-35 насныхан шинэ содон амттанд дурлаж, үдшийн цагаар хамт олонтойгоо цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг эрмэлздэг. 35-50 насны хүмүүс илүү тав тухтай орчинд халуун кофе уунгаа ажил хэргийн уулзалт, яриа өрнүүлэхийг хүсдэг шүү дээ. Энэ завгүй нийгэмд бид ажил хэрэгч, бизнесийн хүмүүс, залууст байршлын хувьд хотын төвд, офис ажил, сургуультай нь ойр, хүссэн бүхэн нь байдаг, цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэх боломжоор хангахуйц үйлчилгээг нэвтрүүлсэндээ сэтгэл хангалуун байдаг.

“Double Shot”-ын хамт олон их хотынхонд өдөр бүр гэнэтийн сюрприз барьдаг. Оройн 18 цагаас шөнийн 03 цаг. Энэ үед жинхэнэ галзуу коктейль үдэшлэг болдог уу?
Тэгэлгүй яах вэ. Бартендерүүдийн зүгээс санал болгож, сэтгэлээ гарган үйлчилж буй олон төрлийн коктейлийн амтыг залуус маань мэдэрдэг. Харин бүсгүйчүүд янз бүрийн хоолтой хослуулаад дэлхийд алдартай дарснуудаас сонголтоо хийдэг юм. Бид лхагва гараг бүрт “Бүсгүйчүүдийн өдөр” гэсэн урамшуулал зарлаж, бүх төрлийн уух зүйлст 20 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Залуусаа бас мартаагүй. Пүрэв гараг бүрт тэдэнд уух зүйлсийг 30 хувийн хөнгөлөлттэйгөөр үйлчилж байна.

Бариста, бартендеруудаа хаана ямар сургалтад хамруулдаг вэ?
Монгол залуусын маань дунд бартендерээр ажиллах сонирхолтой хүмүүс цөөнгүй бий. Манай компани ажилтнуудынхаа сургалт, хөгжүүлэлтийн бодлогын хүрээнд дотооддоо сургалт зохион байгуулдаг. Оросоос бариста, бартендерүүд урьж ирүүлэн 7-14 хоногийн сургалт явуулдаг уламжлалтай. Номадсын сүлжээ рестораныхаа хамгийн шилдэг бариста, бартендерүүдийг жилд нэг удаа шалгаруулдаг. Залуус маань энэхүү шалгаруулалтад идэвхтэй оролцож, ур чадвараа өдрөөс өдөрт дээшлүүлж, өөр хоорондоо өрсөлддөг юм. Манай бариста, бартендерүүд салбартаа зохиогддог уралдаан, тэмцээнүүдэд ч амжилттай оролцсоор ирсэн. Компанийн зүгээс тэднийг дэмжиж, уралдаанд оролцох боломжоор ханган хэрэгтэй бараа бүтээгдэхүүнээр нь туслалцаа үзүүлдэг. Үүнээс гадна манай компани тухайн жилд сайн ажилласан, ур чадварын хувьд өсөх боломжтой ажилтнуудаа шалгаруулж, Москвад зохиогддог тэмцээн, уралдаан, үзэсгэлэнг жил бүр үзүүлж сонирхуулдаг.

Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. “Double shot”-ынхондоо амжилт хүсье!
Дабл шот:




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт