“Монгол шуудан” ХК-ийн Марк, Үнэт цаасны хэлтсээс 2018 оны төлөвлөгөөт сэдвийн дагуух 1033 дахь маркийн анхны өдрийн нээлт боллоо. Монголын үндэсний идээ, ундаа” сэдэвт шинэхэн мэндэлсэн түүхэн маркийг үе үеийн марк цуглуулагч, сонирхогчид цуглан бахархалтайгаар гардан авцгаасан юм.
Монгол үндэстний уламжлалт, давтагдашгүй өв соёлоо үндэсний брэнд болгон хөгжүүлэх зорилготой “Номадс Хоспиталити” ХХК нь 15 жилийнхээ ойн хүрээнд уг маркийг бүтээх үйлсэд хамтран ажилласан байна. Тодруулбал, уг маркийн судалгаа болон гэрэл зураг, эхийг бэлтгэхэд “Нүүдэлчдийн соёлыг дэлхийд” уриатай “Номадс Хоспиталити” ХХК-ийн гэрэл зурагчин Д.Түвшинбаяр, дизайнер Ж.Ганхуяг, зураач Ч.Бат-Эрдэнэ нар мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажиллажээ.
Монголчууд нүүдэлчин удмынхаа аж байдалд тохируулан чанар чансаа өег, амт үнэр төгс тансаг баян идээ ундаа бэлтгэн айлчин гийчдээ дайлж, цайлдаг уламжлалтай билээ. Монголын уламжлалт хоол ундны тогтолцоог судлаачид дөрөв ангилдаг бөгөөд “Монголын үндэсний идээ, ундаа” маркийн улаан идээнд хонины ууц, хорхог, битүү шөл, цагаан идээнд тавгийн ааруул, хорхой ааруул, айраг, өрөм, тараг, шар идээнд боорцог, шар тос, бяслаг, ээзгий, ногоон идээнд манай оронд элбэг ургадаг тошлой, үхрийн нүд, аньс, нэрс, чацаргана зэрэг өргөн хэрэглэдэг жимс жимсгэнийг багтаасан байна. Мөн идээ ундаа бүхэнд төгс зохицсон, уран нарийн хийцтэй хэт хутга, мөнгөн аяга, зэс домбо, гүц, модон тагш тэргүүтнийг хамтатган дүрслэн харуулжээ.
“Номадс Хоспиталити” ХХК-ийн Гэрэл зурагчин Д.Түвшинбаяр:
“Манай компанийн зүгээс хоолны цэс шинэчлэлтэй холбоотой тогтмол зураг авалт хийгддэг. Тиймээс энэ зураг авалтын хувьд хүндрэлтэй зүйл бараг байгаагүй. Манай “Модерн Номадс” сүлжээ рестораны тогооч нар, салбар хариуцсан Маркетингийн менежер О.Марал-Эрдэнэ зэрэг хамт олны туслалцаатайгаар уг маркийг бүтээх ажил амжилттай болсон гэдгийг хэлмээр байна. Гэрэл зурагчин хүний хувьд байгууллагаа төлөөлөн түүхэн үнэт цаасны зураг авалтыг хийсэндээ маш их баяртай байна”.
“Монгол шуудан” ХК-ийн Марк, Үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар:
Монгол Улсын шуудангийн анхны марк 1924 онд хэвлэгдэж байсан бөгөөд өдгөө 4100 гаруй нэр төрлийн марк худалдаанд гаргаад байна. Өнөөдрийн нээлтээ хийж буй “Монголын үндэсний идээ, ундаа” марк нь энэ сэдвээр анх удаа гаргаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм. Энэхүү багц маркийг гаргахад гүн туслалцаа үзүүлэн материал, түүхий эд, эд хэрэгслээрээ хангахаас гадна мэргэжлийн зөвлөгөө өгсөн Номадсын Сүлжээний хамт олонд өндөр амжилт хүсэн ерөөе!
“Монгол шуудан” ХК-ийн Марк, Үнэт цаасны хэлтэсийн онлайн худалдааны мэргэжилтэн Н.Ганчимэг:
Марк нь тухайн улс үндэстний тусгаар тогтнолыг илэрхийлдэг бэлэг тэмдэг бүхий үнэт цаас юм. Энэхүү урлагийн бүтээлийг бүтээхэд маш олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа ордог. Төлөвлөгөө, сэдвээ батлуулан судалгаа хийж марк бүтээх хүртэл хоёр жилийн хугацаа зарцуулдаг. Монголчуудын үндэсний хоол, соёлыг 1033 дахь сэдвээр сонгон судалгаагаа эхлүүлсэн цагаас энэ чиглэлээр ажилладаг Номадсын Сүлжээ ресторануудтай холбогдон, хамтран ажиллаж, улмаар судалгаандаа тулгуурласан идээ ундааг бүрэн дүрслэн гаргасан марк бүтээж чадсандаа баяртай байна. “Номадс”-ын хамт олондоо 15 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсье!
МФХ-ны гүйцэтгэх захирал Ш.Чадраабал:
Манай Марк цуглуулагчдын холбоо 50 гаруй жилийн түүхтэй. Бид долоо хоног бүр уулзаж, шинэ марктай танилцах, цуглуулгаа худалдаалах зэрэг үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг. 1990-ээд оноос буураад байсан марк сонирхогчдын тоо сүүлийн жилүүдэд харьцангуй нэмэгдэж байна. Өнөөдөр нээлтээ хийж буй “Монгол шуудан” ХК-ийн Марк, Үнэт цаасны хэлтэсээс гаргасан “Монголын үндэсний идээ, ундаа” сэдэвт марк маш сонирхолтой, түүхэнд үлдэх марк болжээ. Үндэсний өв уламжлалаа дэлхийд түгээн дэлгэрүүлж, олон хоолны өв соёлоо сурталчлан таниулах боломж нээгдсэнд марк цуглуулагч нийт нөхдийнхөө өмнөөс талархаж буйгаа илэрхийлмээр байна.
Энэхүү маркийг Төв шуудангийн бүх салбараар болон https://mongolstamps.com/ онлайнаар захиалан авах боломжтой.