• Модерн номадс 2 ресторан
  • Bd's mongolian barbeque
  • Номадсын сүлжээ ресторануудын ажилтнуудын Cool holiday-11 чөлөөт цагийн арга хэмжээ амжилттай боллоо
Модерн номадс 2 ресторан1 Bd's mongolian barbeque2 Салм паб дахин нээгдлээ3 Номадсын сүлжээ ресторануудын ажилтнуудын Cool holiday-11 чөлөөт цагийн арга хэмжээ амжилттай боллоо4 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна5
Дурсамжийн хэлхээсээр аялсан Крокусын үдэш
Хүн бүрийн сэтгэлд мартагдашгүй сайхан дурсамжууд байдаг даа. Цаг хугацаа, орон зайн эрхээр холдон өнгөрөх хэдий ч хамгийн жаргалтай, сайхан дурсамжууд сэтгэл зүрхэнд үүрд үлддэг. Чухамдаа тэрхүү дурсамжаа хөглөж сэтгэлээ сэргээх сайхан боломж бол өнгөрсөн Баасан гарагт болсон “Back to the 8090” диско шоу байлаа. Уламжлал болгон зохиогддог энэ шоуны тухай сонсож байсан ч биеэр үзэж байсангүй. Харин энэ удаад цаг гарган зориуд үзэхээр найз нөхдийн хамт “Крокус”-ийг зорилоо.

Үүднээс нь эхлээд л хуучны дурсамжуудын хэлхээсийг хөвөрдөм олон зүйлс нүдэнд тусав. Модтой хашаан дотор ширээн дээр хөнгөн цагаан данх, бетон, халбага сэрээг хүртэл байрлуулсан нь бандан сандал дээр сууж инээд хөөртэйгээр хоолоо иддэг байсан тэр мөч нүднээ харагдлаа. Харин цаана нь “Зарлал” “Өнөөдөр Соёлын ордонд бүх нийтийн бүжигтэй. 20 цаг. Хүүхэд оруулахгүй” гэсэн зар хаджээ.

Цаашилбал нөгөө талд нь “9583 СЭА” улсын дуаартай ЗИЛ 130 автомашиныг “урлаж” агентийн худалдаа гаргасан байна. Хуучны ховор бараанууд, киссель, молоко, Беломорканал, Прима тамхи, цагаан самар, өнгөт мөөхий хүртэл өржээ. Тэдгээрийг сонирхон байтал хажууд нь залуус бидний ажил хөдөлмөрийн амтыг мэдрүүлсэн “Ургацын талбай” багтжээ. Ёстой л жинхэнэ трактор комбайнаар дуу аяланхан ургацаа хураадаг шижигнэсэн залуус нүдний өмнүүр өнгөрөх мэт болов. За тэгээд хажууд нь сэтгэл зүрхэнд хэзээ ч мартагдашгүй намар цагийг мөнхөлсөн мэт майхан дотор баяан хөгжим эгшиглүүлэн, баярын бичгээ бахархан харж, хөнжил пүүгээгээ тэвхийтэл өрөөд, орос бүтээлэгтэй диван орон дээр тухалж зургаа авхуулах боломжийг ч тэд мартсангүй.

Энэ бүхнийг сонирхсоор Төв заал руу орох гэвэл “Соёлын ордон” гэж хаягласныг бас олж харлаа. Түүний хажууд тэр үеийн залуусын ягштал чээжилдэг байсан “Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач, социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалагч хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой” гэсэн лоозонг байрлуулжээ. Нээрээ л энэ уриагаар залуус бид ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч Монгол улсад ид бүтээн байгуулалт өрнөж байсан биз ээ. Харин дурсамж болсон энэ үгийг “Ялангуяа, орчин цагийн залууст чээжлүүлэх юмсан” гэсэн гэнэхэн бодол толгойд зурсхийж өнгөрөв.

Ингээд “Соёлын ордон” руу хөл тавилаа. Хөгжим нижигнэсэн нүргээн, анги хамт олон, найз нөхдөөрөө цугларч хөөрч догдлоод, энд тэндгүй инээлдэн хөхрөлдөж, тэврэлдэн авах дотно сэтгэл өнцөг булан бүрийг чимнэ. 7 дахь удаагаа зохион байгуулагдсан болохоор хүмүүс хэдийнээ хүсэн хүлээдэг болж, энэ жил 1500 гаруй хүн ирсэн гэсэн шүү. Тэдний дундаас тайз руу чиглэн харвал хананд 80, 90-ээд оны алтан тариан суурьтай Монгол улсын Төрийн сүлдийг байршуулжээ. Харин тайзны хажууд бидний “Дотор нь яаж хүн багтдаг юм бол” хэмээн гайхлыг минь төрүүлдэг байсан, хорвоо ертөнцийг таниулсан “Record” зурагтыг яг тэр хэлбэр дүрсээр нь байршуулжээ.

Цагаас жаахан хоцорч ирсэн болоод ч тэрүү, барагтаа хөл гишгэх зайгүй, суудал эзлэх боломж ч муу болжээ. Гэхдээ үүнээс илүү ойрд уулзаагүй найз нөхөдтэйгээ хамтдаа сайхан байх мөч хамгийн чухал нь байсан юм. Зорьж ирсэн газарт маань хэдийнээ “Аbba”, “Boney M”, “Modern talking” гээд л хуучны дурсамж хөглөсөн олон сайхан диско хөгжим “задарч” хүн бүрийн сэтгэлийг огшуулж байв. Бүжгийн талбай зайгүй. Хөгжмийн хэмнэлд сэтгэлээ сэргээн байтал удалгүй дээс тоглох, бүжгийн аварга шалгаруулах зэрэг өрсөлдөөнтэй тэмцээн уралдаан зохион байгуулж оролцогчдыг бүр илүү хөгжөөв. МУГЖ Н.Ариунболд хөтөлж, дуучин Зоригт, Хишигдалай, “Fire” хамтлаг, “Яг түүн шиг” шоуны оролцогч “Elvis Presley” Э.Энхболдын үзүүлбэр гээд сэтгэл баясаж нүд бадраах олон хөтөлбөр дунд нь багсан байсан юм. Ингээд үргэлжлүүлэн найз нөхдөөрөө дурсамжийн хэлхээсээр аялсаар, хуучны дурсамж хөглөсөн аялгуундаа хөлсөө гартал бүжиглэж гарлаа даа.

Ийнхүү хуучин цаг хугацаагаараа аялан байтал цаг хугацаа хэдийнэ харвасан сум мэт өнгөрч энэ цаг үедээ эргэн ирэхийг санууллаа. Жаахан харамсах сэтгэл төрсөн ч 8090 он руу буцан аялах диско тун удахгүй 11 сард болно гэдгийг зохион байгуулагчдаас дууллаа. Харин тэр үеэр илүү олон найз нөхдийн хамт зорин ирэхээ дотроо амлаад амгалан нойрсох хотын гудамжаар найз нартайгаа элдвийг хөөрөлдөн одлоо.




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт